Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод” НҮТББ санаачлан Израил Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг MASHAV дэмжиж 2025 оны 5-р сарын 8-ны өдөр Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны талбайд агч модны төгөл байгуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Бээжин дэх Израилийн Элчин сайдын яамны Соёл, шинжлэх ухааны Атташе Доктор. Габриел Рик хүрэлцэн ирж оролцлоо.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд газар нутгийн талаас илүү хувь өртөөд буй Монгол Улсын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн туйлын чухал бөгөөд энэхүү үйл хэрэгт Израилийн Засгийн газар, MASHAV агентлаг, Бээжин дэх Элчин сайдын яам бодит хувь нэмэр оруулж байна.
Израил Улс нь 1950-аад оноос эхлэн байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг газар нутгаа ойжуулах, мод тарих ажлыг эрчимтэй явуулсаар ирсэн бөгөөд газар нутгийн дөнгөж 2 хувийг ой мод эзэлж байсан бол өдгөө 8.5% болтол нэмэгдүүлсэн байна. Мод тарьж ургуулахад усалгааны ухаалаг системийг нэвтрүүлж цөл газрыг ногоон хэрэм болгон өөрчилж чадсан билээ.
Энэхүү төглийг эхлүүлэхэд “Нью Улаанбаатар” Интернэйшнл Эйрпорт ХХК, “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харъяатын газар, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0218-р ангийн албан хаагчид оролцлоо.
Мөн Гадаад харилцааны яам, Ойн газар, Ус сувгийн удирдах газар, Израил улсын өргөмжит консул зохион байгуулалтад дэмжлэг үзүүллээ.