Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэр байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг гаргасан.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг
1.1 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, “Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх.
1.2 Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах
1.3 Ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн газар болон төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан засаглал, үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бүхий ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх
1.4 Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэн, аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэсжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлоготой мод тарьж ургуулах бүх нийтийн үйлсийг уялдуулах
1.5 Иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн санг бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлэх
1.6 Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох
1.7 Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах
1.8 Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх
1.9 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах монгол зан заншлыг дээдлэх, экологийн боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр сургалт, соён гэгээрүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлэх
Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан.
Энэхүү Зарлигийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 350 дугаар тогтоолыг гаргасан. Доорх линкээр тус тогтоолтой танилцаарай: Холбоос